МИНИЙ МЭДЭХ БАТ-ЯЛАЛТ
Хүн хамгийн сайн мэддэг гэж боддог зүйлийнхээ талаар хамгийн муу мэддэг ч байж болох юм. Хорвоо ертөнцийн түмэн юмс үзэгдлийн учир, шалтгааныг олж чаддаг мөртлөө өөрийгөө ч гүйцэд таньж чаддаггүй гэлцэнэ. Хамгийн ойр дотны хүнийхээ талаар хангалттай сайн мэддэг гэж боддог боловч үгүй ч байж бас болох юм. Өөрийнхөө хамгийн хайртай, хамгийн дотны хүнийхээ талаар бичих гэж чадан ядан оролдож сууна.
СУРАГЧ БАТ-ЯЛАЛТ
Би түүнийг дунд сургуулийн 9-р ангийн сурагч байхаас нь мэднэ. Хөндлөнгөөс харахад хичээлээ шамдан хийгээд давтаад байгаа нь төдийлөн харагдахгүй. Гэхдээ ойлгодоггүй хичээл, мэддэггүй юм гэж байхгүй хүүхэд байдаг байж билээ. Ялангуяа математик, геометрт онцгой сайн. Бодлогыг өөрийн аргаар бусдаас 2-3 дахин хурдан бодно. Шатар, сагс, биллиард тоглоно, боксоор хичээллэнэ. Олон хоногоор тэмцээнд явж, хичээл тасардаг ч бүтэн хичээлдээ сууж байсан нөхдөөс илүү сурна. Нэг удаа амьтан судлалын багш “Чи ер нь яахаараа хичээл ялгаж давтдаг нөхөр вэ? Дүүргийн амьтан судлалын олимпиадад оролц” гээд олимпиадад оруулсан чинь бэлдэж амжилгүй очиж ороод дүүрэгт 2-р байр эзэлчихсэн гэх хөгжилтэй түүх ч байна. Физик математикт сайн байсныг нь бодохоор шаггүй сайн инженер болох байсан байх даа гэж би одоог хүртэл боддог юм. Гэтэл яагаад ч юм бүүр 9-р ангид байхдаа л “Би цагдаагийн сургуульд орно” гэж ярьдаг байж билээ.
СОНСОГЧ БАТ-ЯЛАЛТ
Дунд сургуулиа төгсөөд тэр үеийн нэрээр Цагдаагийн дээд сургууль, одоогийнхоор бол Хууль сахиулахын их сургуульд элсэн орсон. Полигон, намрын ажил, хичээл, уртын дадлага гээд л оюутан байх үе нь тун ч завгүй өнгөрсөн санагддаг юм. Тэр л үеэс бидний хичээл тараад Улсын төв номын санд тааралддаг, хичээлээ давтаж дуусаад гэрт хүргэж өгдөг, үерхэл нөхөрлөл, хайр дурлал, хамтын амьдралын зам эхэлсэн. Цагдаагийн ажил хэцүү дээ гэж бодож байсан боловч, төгсөлтийн баяр дээр нь очоод цолоо авч, формоо өмсөөд, тангарагаа өргөж сүр жавхлан, сүлд хийморь, баяр хөөр, итгэл тэмүүллээр дүүрэн байгаа түүнийгээ хараад “Цагдаад ажиллах хэрэггүй” гэдэг үг амаар багтаж гараагүй л юм даа.
ТӨЛӨӨЛӨГЧ БАТ-ЯЛАЛТ
Тэр үед Цагдаагийн дээд сургуулийн сонсогчид 4-р курстээ бүтэн жил уртын дадлага хийж ирээд төгсөлтийн шалгалтаа өгч төгсдөг байлаа. Ингээд Ялалт маань 3-р курсээ төгсөөд шууд 6-р сард нь Архангай аймаг руу томилогдон дадлагад гарсан юм. Аймгийн төв, Жаргалант, Өгий нуур, Батцэнгэл сумуудад хэсгийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж нийт 1 жил 6 сарын турш хөдөө орон нутагт ажилласан байдаг. Эдгээрээс хамгийн урт хугацааг буюу бараг 1 жилийн хугацааг Батцэнгэл суманд ажилласан. Батцэнгэл суманд ажиллаж байхдаа олон сайхан найз нөхөдтэй болсон. Одоо ч бид Батцэнгэл рүү зун явж амардаг. Тэнд бидний нэг ч хамаатан садан байхгүй мөртлөө яг л нутагтаа очиж байгаа хүмүүс шиг очдог, тэр л үед танилцаж нөхөрлөсөн 3 гэр бүлийн найзуудтайгаа санан санан уулзаж, хамт сайхан амарч бүтэн жилийн ядаргааг тайлж, энерги авцгаадаг. Нутгийнхны яриагаар олон л хэсгийн төлөөлөгч ажиллаж байсан, гэхдээ 20 гаруй жилийн турш холбоотой байдаг хүн нь манай Ялалт л гэдэг юм. Тэнд ажиллаж байхдаа сумын залуучуудаас сагсны баг бүрдүүлж аймгийн сагсан бөмбөгийн тэмцээнд түрүүлж байсан түүхтэй. Хар өнгийн өмсгөлөө өөрсдөө оёж, энгэр дээр нь шар өнгөөр “Дайрын харцагууд” гэсэн бичигтэй залуухан тэдний зураг одоо ч өөрсдөд нь байдаг. Дайр бор гэдэг нь сумын төвийн ойролцоо байдаг нэг хайрханы нэр юм л даа.
Батцэнгэл суманд ажиллаж байгаад хотод Хан-Уул дүүргийн болон Төмөр замын цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байлаа. Энэ үедээ “Төлөөлөгч нарыг шалгаруулдаг ажлын үзүүлэлт, шалгуураар ЦЕГ-ын хэмжээнд дээгүүр жагсдаг төдийгүй багын л спортод дур сонирхолтой болохоороо Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасгийн залуучуудыг спиртлэг бус спортлог болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан” гэж тэр үеийн хамт ажиллаж байсан найз нараас нь надад хэлж л байсан. Энэ үедээ цаг наргүй ажилладаг байсан болохоор баяр ёслолын үеэр хэзээ ч гэр бүлээрээ цуг байж үзээгүй. Гэхдээ Ялалт маань цагдаагийн ажилдаа дур сонирхолтой, хайртай байсан. Дүрэмт хувцсаа өмссөн үедээ надтай хөтөлцөж явах дургүй байхаар нь тухайн үедээ ойлгодоггүй, гайхдаг байж билээ. Харин дараа нь бодоход төрийн цагдаагийн нэр хүндийг хайрладаг байжээ. Одоо ч дүрэмт хувцсаа муухай өмссөн, дүрэмт хувцастай үедээ согтуу явж байгаа, тортой юм барьсан, эхнэр хүүхдээ хөтөлсөн хүнд үнэн голоосоо дургүй. Хүмүүс Бат-Ялалтыг цагдаад дургүй гэж бодоод байх шиг байдаг юм. Ялалт бол цагдаагийн албаны зовлон жаргалыг мэддэг болохоороо “Цагдаагийн албан хаагчдын ахуй амьдрал, хангамж сайн байх ёстой гэж үздэг, дуртай бүхэн цагдааг нохойд барьдаг мод болгон ашиглаж болохгүй” гэж боддог, үздэг. Харин хууль дүрмээ мэддэггүй, хүнтэй буруу харьцдаг, цагдаагийн албаны нэр хүндийг унагаасан нөхдүүдэд бол ясны дургүй болохоороо л муудалцаад байдаг юм л даа, уг нь сайн ойлговол…
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ БАТ-ЯЛАЛТ
Цагдаад ажиллаж байгаад АНУ-ын Оклахомагийн Их сургуульд эрүүгийн эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Тухайн үед өндөр хөгжилтэй орнуудад залуусыг сургаж, эргэж ирэхээр нь эх орондоо үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор Сургалтын төрийн сангаас зээл олгож эхлээд удаагүй байсан юм. Бат-Ялалт Хууль зүйн яамнаас “эрүүгийн эрх зүйч мэргэжлээр нэг хүнийг өндөр хөгжилтэй оронд сургана” гэсэн захиалга дээр уралдаант шалгалтанд орж тэнцээд Хууль зүйн яам, Сургалтын төрийн сантай гурвалсан гэрээ байгуулж суралцахаар явсан. Уг гэрээний гол агуулга нь сургуулиа төгсөж ирээд эх орондоо, гэрээт газартаа 5 жил үр дүнтэй ажиллах нөхцөлтэй байлаа. Гэвч сургуулиа төгсөөд ирээд Хууль зүйн яамны захиалгат орон тоон дээрээ ажилд орохоор очиход орон тоо байхгүй гээд аваагүй л юм даа. Төрийн тэр их мөнгийг зарцуулж хүнийг сургачихаад эргүүлж ажилд авахгүй гэх ийм эрүүл биш үзэгдэл Монголоос өөр газарт байдаггүй байхаа. АНУ-д сурч ирснээс хойш Монголд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, хууль ялгавартай мөрдөгдөж байгааг улам тод мэдэрсэн байх гэж би боддог юм. 2006 онд “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-г байгуулж, 2007 оны 5-р сард анх Эрх чөлөөний талбайд “Шүүхийг шүүе” гэж цуглаан хийж байснаас хойш олон жил өнгөрчээ. Энэ цуглааны дараа “Шүүхийг шүүдэг энэ хэн бэ?” гэж нийгэм даяараа эсэргүүцэх хандлагатай байсныг тод санаж байна. Үүнээс хойш 15 жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллагын буруутай эсвэл хайнга, ёс зүйгүй, мэргэжлийн ур чадваргүй үйл ажиллагаанаас болж хохирч хэлмэгдсэн мянга мянган хүмүүсийн зовлон зүдгүүрийг сонсож, өөрийн чадах хэмжээнд туслалцаа үзүүлж, олон нийтэд мэдээлж ирсэн байдаг. Хууль, шүүхийн байгууллагаар цөхөртлөө явж асуудлаа шийдүүлэх ямар ч найдваргүй болоод дээшээ тэнгэр хол, доошоо газар хол болсон хаашаа хандахаа мэдэхээ байсан хүмүүс ихэвчлэн Ялалтад ханддаг. Тэр олон цөхөрсөн зовсон иргэдийн зовлонг энэ олон жилийн турш сэтгэл зүрхээрээ сонсож, тусалж, хуваалцаж амьдарна гэдэг барагтай хүний дааж дийлэх ачаа биш гэж би боддог юм. Хүний эрхийг хамгаалж явсан энэ олон жилийн хугацаанд өөрөө хохирч хэлмэгдсэн нь ч цөөнгүй. Надад хийж байгаа ажлынхаа талаар төдийлөн ярихгүй, завгүй хүн яваад л байдаг. Гэтэл түүнээс туслалцаа авч байсан нэгэн эмэгтэй саяхан “Хорихын хүүхнүүдийн хувьд хоёрхон бамбай байдаг байсан. Нэг нь Бат-Ялалт, нөгөө нь Хүний Эрхийн Үндэсний Комисс. Харгалзагчид бороохойдуулж байхдаа Бат-Ялалтыг дуудна шүү гэж хэлээд зодуураас мултарч байсан хүн ч байгаа” хэмээн ярихад өөрийн эрхгүй огшиж, ханиараа омогшин бахархах сэтгэл төрж билээ.
ТЭМЦЭГЧ, СЭТГЭГЧ БАТ-ЯЛАЛТ
Минийхээр бол Бат-Ялалт тэмцэгч гэхээсээ илүү судлаач, сэтгэгч хүн. Нийгмийн амьдралын болохгүй бүтэхгүй байгаа үзэгдлийн шалтгаан нөхцлийг судалгааны үндсэн дээр тодорхойлж, гарц гаргалгааг боловсруулсан оюуны бүтээл түүнд цөөнгүй байгаа. Түүний чин хүсэл нь Монгол оронд монгол хүн аз жаргалтай, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Бүх асуудал шүүх дээр очиж шийдэгддэг учраас шүүх аливаа асуудлыг шударгаар шийддэг болох юм бол энэ олон луйварчид эх орноо чөлөөтэй цөлмөж, ард иргэдээ ийм ядарсан зүдэрсэн байдалтай амьдруулахгүй гэдэгт бат итгэдэг. Шүүхийг шударга болгох, төрийн албыг хяналттай болгох түүний энэ санааг хэрэгжүүлэх дургүй эрх баригчдаас болоод Ялалт тэмцдэг. Тэр тэмцэхдээ цаг үеийн асуудлаар хөөцөлдөх юм уу, хүмүүст таалагдах сэдвээр попорсон удаа байхгүй. Цаг хугацаа бүхний шалгуур. 15 жилийн турш нэг л сэдвээр тууштай ярьж, тэмцэж явсан нь түүнийг юуны төлөө зорьдог гэдгийг тодорхой харуулна биз ээ.
ААВ БАТ-ЯЛАЛТ
Анх 2-р курсийн оюутан байхдаа ээж болох гэж байгаагаа мэдэж битүүхэн түгшиж, эмээж байхад минь Ялалт баярлаад л байдаг байж билээ. Ялалт хүүхдэд их хайртай. Хүүхэд бүрийг хувь заяаны бэлэг хэмээн талархан баярлан хүлээж авдаг. Хүүхдүүдээ “Хүн шиг хүн байгаасай” гэж боддог болохоос “Хүнээс илүү байгаасай” ч юм уу “Дандаа онц сураасай” гэж боддоггүй. Хүүхдүүддээ бие биеэ хайрлахыг биеэрээ үлгэрлэн харуулдаг. Харин завгүй ажлаасаа болоод заримдаа амласан зүйлээ биелүүлж амжихгүй байсан ч уучлал гуйж шударгаар харьцдаг. Завгүй их ажлын дараа гэртээ ирэхээр нь бага хүү хүзүүгээр нь зүүгдэж, бага охин өвөр рүү нь асч байхад юу ч болоогүй мэт том хүүтэйгээ шатар тоглонгоо, том охинтойгоо хууч хөөрсөн шиг сууж байдаг аав даа.
ХАНЬ БАТ-ЯЛАЛТ
Бид гэр бүл болсноос хойш 4 хүүхдийн аав ээж, 2 зээгийн өвөө эмээ болж, 20 гаруй жилийг хамтдаа туулжээ. АНУ-д сурж байхад манай аав ээж 2 нэгхэн жилийн дотор бурхны оронд одож, ганцаараа бүхнийг туулж гарсан. Ялалт маань эргэж ирээд “Би чинийхээ амьдралын хамгийн хүнд үед хажууд чинь байж хань болж чадсангүй. Үүнээс хойш аавын чинь оронд аав, ээжийн чинь оронд ээж болж амьдарнаа” гэж хэлж билээ. Энэ үгэндээ одоо ч үнэнч хэвээрээ. Эрх дураараа, түргэн зантай, айлын бага охин намайг илүү уужуу тайван, ууч сэтгэлтэй, хүн шиг хүн болоход минь миний хань биеэрээ үлгэрлэн нөлөөлсөн юм болов уу гэж боддог юм. Хайртай ханийнхаа нөлөөгөөр эд хөрөнгөнд биш эрх чөлөөнд, эрх ямбанд биш ирээдүйн сайн сайханд шунан шунан амьдарч явна.
Яг одоо хүмүүс Ялалт тэнд ямар байгаа бол гэж асууж байна. Би нэг ч удаа уулзаагүй байгаа. Гэхдээ би түүнийг гутарч гуних завгүй ажлаа хийж, өмгөөлөл туслалцаагаа үзүүлж яваа гэдэгт бүр зуун хувь итгэлтэй байна.
2020 онд Х.Бат-Ялалтыг хоригдсон байх үед эхнэр Б.Болорын бичиж байсан бичвэрийг орууллаа.













